Thursday, August 18, 2016

Жигүүртэн

Гэнэтхэн юу ч юм бүү мэд тод цагаан гялбаа, зурсан зураас аятай аажмаар тодорсоор өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй тэр ертөнц. Тиймээ би анх удаа нүдээ нээж байлаа. Юу гээч гайхалтай мэдрэмж вэ, бас дулаахан энерги үзэсгэлэнт орчлон. Өмнө минь өнгө өнгийн бүрдэл, төгс төгөлдөрийн дээд өдөө гайхуулах тэр нэгэн. Цээж рүү минь цог үсрэн орохыг би мэдэрсэн.
Өдөр бүр тэр миний өмнө ирэн суух нь үсэрсэн цогийг минь улам ноцоож, түүнийг даган нисэхийг хүсэж эхлэх шиг. Өглөө бүр ирж тэр өдрийг нарнаас ч илүү гэрэлтүүлж баяр баясал, аз жаргал мэдрүүлэх тэр харц, үдэш бүр орхиод нисэх солонгорон дэвэх жигүүр. Зүрхэнд минь цог биш гал бадамлан бус дүрэлзэн асаж үдшийн харанхуйг өдөр шиг гэрэлтүүлдэг байв. Түүний нүднээс би сэтгэлийн илгээмжийг нь мэдэрдэг. Бурхан минь тэр харц намайг ямар аймшигтай их аз жаргалтайгаар өвтгөнө вэ. Бүрэнхий тэнгэрт хамгийн тодоороо гэрэлтэн намайг анзаар гэж дуудах шиг. Өдрийн эхнээс үдэш хүртэл тэр надад нисэхийг заана. Уучлаарай ийм үзэсгэлэнтэй багштай би чиний хэлэхээс илүү гоо төгсийг чинь бишрэн суусаар байна. Мэддэгээ мэдэхгүй, мэдэхгүйгээ мэдэх гэж чиний харцыг удаан харахыг хүсэж шалтиг шалтгаан хоёрыг зэрэг эрэн хайсаар байгаад өдрийг өнгөрөөдөг.
Нэгэнт ирэх байсан тэр өдөр ирлээ. Тиймээ нислэгийн цаг. Миний анхны нислэг, чиний заасан бүхнийг гаргах өдөр. Сэрүүн салхи нүүр илбэн яг л чиний зөөлөн жигүүр хацрыг минь илэх шиг. Жаргах нарны зүг чиний араас яаран дэвлээ. Яг л чиний зааснаар хөнгөн салхийг бүхий л биеээрээ мэдэрч газраас хөндийрөн үе үехэн үсрэн дэвхцэнэ.
Салхин доор чинь чиний анхилуун үнэрийг хоромхон зуур мэдрэхэд тэр мөчид цаг хугацаа зогссон мэт. Нүдээ анин төсөөлөлдөө автлаа. Зүсэх салхины хүч нэмэгдэх шиг, гайхан бүлтэлзэн харах агшинд би дэлхийн татах хүчээр газрыг чиглэн чөлөөт уналтаар хөвж байв. Тиймээ чи надаас улам холдон эргэж харалгүй аз жаргалын эрэлд ниссээр л. Хэт өндрөөс унасан бие минь газар тэрхийн хэвтэнэ. Зүрхний базлах тэр тарчлалын дунд биеийн өвдөлтийг үл анзаарна. Хайрт минь аз жаргалынхаа зүгт нисэн дүүлэн явдаа, чиний заасан бүхнийг чиний хэлсэн бүхнийг сэтгэлийн чинь илгээмжийг умартсан намайг өршөө. Энэ миний төгсгөл бололтой. Дараа хавар хүртэл баяртай, би араас чинь явж дийлэхгүй нь. Учир нь би жигүүртэн бус жигүүртэнд дурласан явган хүн байсан юм шүү дээ. Намрыг үзэн ядах сэтгэл минь хавар чамайг хамгаас илүү хүсэн хүлээж байя. Тэр л миний жаргал.

No comments:

Post a Comment