Tuesday, August 16, 2016

Хайрын захидал #1

Агаараар нисгэсэн шуудан хэдийд очихыг мэдэхгүй
Андаар илгээсэн дугтуй хэзээ ч юм хүрэх нь лавтай.
Ингэж зурхэндээ шивнэн цаас бал аваад
Итгэл хайраа шингээж захиа бичихээр суулаа.

Янаг сэтгэл гэгчийн халууныг хэн хэмжлээ.
Яагаад ганцхан чамайгаа хайрласныг хэн мэдлээ.
Яах гэж хорвоод төрүүлснээ ээж аав минь мэднэ ээ.
Яаран яаран амьдрахаа Ээгий би мэдэрнэ ээ.


Бодлоос уятай амраг минь зүүдэнд ургаатай дагина минь
Борхон зүрхэнд буудаллаж, үүрээ зассан шувуухай минь
Сэтгэлээс аргамжаатай янаг минь зүйтэй учирсан багана минь
Сэм сэмхэн дасаж үхтлээ ханилах хараацай минь

Мэнд сайн яваагаа монгол найргаар хэлхэн
Мэлмий үл хүрэх алсаас хадгийн адил дэлгэе.
Хонгор халуун сэтгэлээ мөнгөн ембүү болгон
Хоёр гардан барьж, хосгүй чамдаа өргөе өө.

Тайлбар хэрэггүй биз ээ, чи минь наддаа ганцхан.
Таавар минь үнэн бол би ч чамдаа ганцхан.
Талбиун ухаанаар бодохноо дэлхий гэдэг дэвжээн дээр
Тангараг тавиагүй ч бидэн хоёр бие биедээ ганцхаан.

Ээждээ ч тэмүүлээгүй хүчээр чамдаа л би татагдсан
Энэ ганцхан минийх үү, эсвэл бүгдийн нүгэл үү?
Ааваа ч тэтгээгүй хүслээр чамайгаа би таалсан
Ай энэ миний буруу юу, аль эсвэл бүгдэд байв уу?

Мэдэхгүй мэдэхгүй, бүгдийг мэдэж чадахгүй.
Мэдээд мэдээд яах вэ, мэлмэрч уйлаад ч нэмэргүй.
Өнгө алаг хорвоог үзэж өнгөрүүлснээс хойш
Өөр хэндээ хайлах вэ, үнэн хайрын дуу минь ээ.

Хайлъя чамдаа хайлъя, хацар дээр чинь хайлъя.
Халуун хайраа асган, уруул дээр чинь хайлъя.
Хаанаас ч өндөр мэдлээр анисган дээр чинь хайлъя.
Харин харьтлаа арчлах, амьдралаа усалж хайлъя.

Онгод цахилсан тэнгэрээс шүлэг гуйж зогсоогүй.
Олон цугласан газраас сархад горьдож үзээгүй.
Онгон халуун хайрандаа шатаж харин үзлээ.
Орчлонд ганцхан чамайгаа соронзон гэдгийг мэдлээ.

Нээрээ чамдаа тэмүүлж шөнөжин тэлчилж хонолоо.
Нимгэн улаан уруулыг чинь шимж зүүдэлж өнжлөө.
Чандган цагаан хөхийг чинь тэгнэн жаргаж явсан
Час хийсэн хормыг тэгэхэд үгүйлж тарчиллаа.

Халуун элчээр төөнөх булбарай биеийг чинь тэврэн
Хас цагаан гуяыг булчинт гараар тэлж
Хөвчирч эрчилсэн цогцоор уруулыг чинь эрэн тэмтэчсэн
Хүсэл тачаалаар цохилон орчлонг тэгэхэд умартсан

Ууцаар минь тэврэх бүрийд урагш тэмүүлсэн бодь
Уруул уруулаа таалан уухилах огцом амьсгаа
Бидэн хоёрын дунд л үрээ тарьсан орчлон
Билэг танхай шүлэгчийн үгээ хурцлах онгод оо.

Өршөө хайрт минь өршөө, цаашаа би чадахгүй нь
Өндөр тэнгэрийг хүсэвч чадал минь даанч хүрэхгүй нь.
Агуу найрагчийн зүрх цээжинд минь үгүй болохоор
Амрагтаа барих баглаа цэцэгсээр дутаж мэдэх нь ээ.

Хаа төрснийг нь мэдэхгүй Хьюстон гэгч бүсгүйг
Хайрын тухай дуулахад хүсэл алдарч уярсан
Халуун зүрх булгилж хэнхдэг дотроо цовхочсон
Хариас ганцхан чамдаа хэрээрээ тэгэхэд тэмүүлсэн.

Бүсгүй минь чи миний дурласан гуа дагина
Бүхэл бүтэн орчлонд зурагдсан гэгээн тавилан.
Чамаас өөрийг хайхгүй хүслийн бугуйл дунгуйрч
Чанх чиглэн явсаар хүүхэн биеийг чинь орооно оо.

Ээгий. 1993 оны 2 сарын 10
Братислав хот, Словакиа.

No comments:

Post a Comment