Sunday, August 14, 2016

1-р БНМ: Зураач залуу

Бурхадын төгс бүтээл...Үгүй ээ би энэ үгийг эсэргүүцэгч. Учир нь төгс зүйлийг хүн өөрөө бий болгодог. Төгс зураг, төгс хүн, төгс уран бүтээл, төгс ертөнц. Би бол тэрслүү үзэлтэн, тэднийг үгүйсгэгч магадгүй тэднийг үзэн ядагч.

Өөрөө бүтээсэн төгс зурагтаа өөрөө дурлаж яваа тэр нэгэн зураач бол би. Шөнийн тэнгэрийн оддыг төсөөлж түүний хархан нүдийг зурлаа. Одот тэнгэрээс хөвөн дүүлэхийг минь мэдсэн бололтой гараа сунгаж буй мэт тэр харц орчлонгийн түмэн зовлонгоос сэтгэлийг минь бүрэн чөлөөлнө. Түүний нүдэнд үзэгдэх тэр нэгэн гуниг нь олон зүйлийг өөртөө агуулдаг ч хэзээ нүүрээ буруулдаггүй үргэлж үнэнчээ баталж буй саран адил. Анзаарах хэдий ч түүнд нь дурлаж зүрхийг минь яг л суга татан гаргаад авах шиг.
Зүрхийг минь хулгайлсан тэр үзэсгэлэн гоог юутай ч төсөөлшгүй. Инээмсэглэл нь нуурын толионд талимааран харагдах одот тэнгэр түүний дунд нуугдах саран адил тусна. Яг л гунигаа нуусан нүд нь ягаахан уруулын тодхон инээмсэглэл дээрээ давхцан илрэх мэт. Хөнгөхөн бийрийн үзүүрээр цэг бүрт анхааран дарсан тэрхүү мишээл, тиймээ тэр бол миний шүтээн. Өтгөн манан дундаас жаргах нарны сүүлийн элч ягааран туяарч буй мэтээр булбарай хацрыг нь дүрсэлнэ. Хамгийн ойр байгаа хэрнээ түүнийг мэдрэх боломж надад үгүй. Бурхад түүнийг бүтээсэнгүй. Тэр бол байгалийн хамгийн төгс бүтээл, орчлонгийн төгс бүхний бүрдэл.
Дэргэд нь зогсож байвч үнсэж үл чадна, урд нь харж байвч хүрч үл чадна, хүссэн бүхнээ хэлж чадах түүнд сонсгож үл чадна. Өдрийн бодол шөнийн зүүдээ сэтгэлдээ үлдээж цаасан дээр буулгах өрөвдөлтэй нэгэн зураач залуу.

No comments:

Post a Comment