Friday, August 5, 2016

1-р БНМ: Тиймээ би сүүдэрт дурлажээ 3

Тиймээ тэр бүсгүйг би азтай тохиолдлоор хайж олсон. Гэхдээ би бас шударга бус ярьчихлаа. Хүн амьдралынхаа өдрүүдээ утга учиргүй үрэхийг зөвшөөрдөггүй. Зөн билиг өөрөө энэ хэрэгт хутгалдсан. Сонсооч, үнэхээр бүх юм тун хачин байсан шүү. Хэд хоногийн өмнө би хээрийн салхийг биедээ шингээж бие болоод сэтгэлийн амар амгаланг олохоор явж байлаа. Гэтэл хувь тавилан үнэхээр намайг дуудсан гэлтэй.
Яг л өдөр шөнөгүй уйтгарт бороо усалсаны дараа үүлэн чөлөөгөөр гэрэлт нар илчээ тусгах шиг өнөөх бүсгүй ихэмсэг агаад бардам зогсож байлаа. Тэр түүдгийн бөхсөн гялбаанд сарны туяан дор байснаасаа ч илүү үзэсгэлэнтэй харагдав. Энэ бол миний зүрх сэтгэлийг дурсамж нь байнга тарчлааж байсан бүсгүй байлаа. Тэр намайг таньсан даруйдаа юу ч хэлсэнгүй. Сэтгэлгүй, дуугүй, мөс шиг тэр бүсгүй намайг хараагүй, сонсоогүй юм шиг л цааш эргээд яг л хий үзэгдэл явж байгаа юм шиг аажим уусан алга болохыг би харсан. Тиймээ тэгээд л болоо. Өөр юу ч болоогүй. Намайг ардаа үлдээн явахдаа  "Энэ бүхний тухай март. Зүгээр л март" гэж хэлэв. Би барьц алдаж гайхан балмагдаад юу ч ойлгохоо больж, толгойгоо гараараа базлан эндээс холдохдоо "үнэхээр галзуурсан юм биш биз" гэж бодсон. Тэр цагаас хойш орой бүр энэ гудамж руу очдог боллоо. Би орой бүр тийшээ очиж, түүний байшингийн эсрэг талын байрны буланд намайг олж харах боломжгүй тагтан дор нуугддаг. Тэгээд арван удаагаас зөвхөн нэгд нь түүний гэрэл сүүмэлзэхийг олж хардаг. Энэ бол миний амьдралын аз жаргал. Тиймээ би одоо болтол хүлээж сууна.

1 comment: