Friday, August 12, 2016

1-р БНМ: Шүтээн болсон СҮҮДРИЙН бүсгүй

Шөнө болгон зүүдэнд минь зөөлөн долгиолох усны урсгал мэт орж ирэн зүрхэнд зүүгээр хатгах мэт зовлонтой бас жаргалтайгаар мэдрэгдэх тэр нэгэн бүсгүй. Чамайг санасан сэтгэлээ хэлэхгүй байх нь намайг дотроос минь шатаах мэт болж чамд хэлэхийг хүсэвч чамайг зугтахаас эмээн өөртөө хадгалж яг л хэлгүй мэт таг дуугүй тас дүлий явсаар л. Хажуугаар өнгөрөх бүрийд ядаж үнэрийг чинь мэдрэхийн тулд бүхий л мэдрэмжээ устгаж ангаа хүлээж буй арслан барс шиг хамранд бүх л мэдрэмжээ төвлөрүүлдэг. Чухам тэр л үед энэ хорвоод яах гэж төрсөнөө мэдрэх шиг болж мянган цэцэгсийн хүлэмжээс илүүтэйгээр содон үнэртэх чиний үнэрэнд мансууран согтох шиг болж шунал сэтгэлээ барьж дийлэлгүй улам ихээр үнэрлэхийг хүсэх юм.

Чишш чимээгүй...Яг одоо би бодол дундах өтгөн манан дундаас чамайг эрэн өөрөө өөртөө хуурамч жаргалыг бүтээн зогсоно. Тиймээ би чамтай байсан бүх мөчөө санадаг. Үлдсэн зүйл нь дурсамж л юм хойно аз жаргалыг түүнээс л нэхэж байна. Жижигхээн миний сэтгэл жижигхэн агуу хайрыг багтаахын тулд өөрийгөө шаналгаж яваа. Чинийх гэх асар том ертөнцийг нэг л сэтгэлд багтаах гэж чимээгүйхэн дотроо уудалж урж суугаа тэр л залуу би. Хэрвээ бурхан надад ганцхан хүслээ биелүүлэх боломжийг олгох юм бол чамайг өөрийн болгох гэж би яарахгүй ээ. Зүгээр л хамт байсан дурсамжиндаа дахин нэг удаа очихыг л хүсэж байна. Сүүдэр чамайг халхалж байна. Харсан болгоноо чамайг гэж андууран дуугарсан болгоныг чамайг байгаасай хэмээн хүсэж нүдээ нээгээд ч үл үзэгдэх тэр орчинд буруу зүг рүү үсрэн харайж, тиймээ би чамайг олж чадсангүй. Тэр харанхуйг гэрэлтүүлэх чадал байсангүйд уучлаарай. Харанхуйн учрыг олоогүй надад түүнийг гэрэлтүүлэх бүү хэл цог үсэргэж ч чадаагүйд дахин уучил.
Манан бишээ сүүдэр үгүй ээ би юу ч ойлгохгүй байна. Чи зүгээр л алга болчихсон. Айсандаа чамайг хайсангүй гэж бүү бодоорой зугтсан болохоор хайсангүй. Үгүй ээ би чамайг олсон гэхдээ ойртож үл чадна. Ойртох тусам холдож холдох тусам ойртох мэт. Үл үзэгдэх тэр л нэг өөрийн харанхуйгаас үргэлж чамайг ширтэх зогсох нь миний жаргал болон хувирсан.
Би бол чамд хайртай Энгийн нэгэн хүсэлдээ боогдсонч огторгуй луу оволзох робот.

No comments:

Post a Comment