Tuesday, December 27, 2016

Гунигламаар....

Заримдаа зүгээр л гунигламаар. Зөрж өнгөрөх сайхан бүсгүйн араас эргэж харж, зөвхөн түүнтэй жаргаж чадаагүйдээ харамсан санаа алдмаар, зүггүйтэх сэхүүн бодолдоо намайг тоогоогүй түүнийг эргэж хартал санаа алдмаар, бүүр түүрхэн бодолдоо тэртээ холын дурсамжаа сэргээн сэтгэлдээ жаргамаар. Гэгэлзээд байгаа сэтгэлээ намрын дурсамжаар даруулмаар, дэнслээд байгаа бодлоо гэгээн сайхан мөрөөдлөөр тэнцүүлмээр, догдлоод байгаа зүрхээ далдхан хайрын дурсамжаар аргадмаар. Юу ч болоогүй хэрнээ гунигламаар байгаа сэтгэл минь, магад тайвшралыг хүсээ л биз.

Хааяадаа зүгээр л гунигламаар. Асгарах борооны дуслыг шонхоор ширтэнгээ духаа хөлөрсөн шилэн дээр нааж сэтгэлээ чийглэмээр, айзам аянгалаг аялгууг сонсонгоо сэтгэлээ аргадаж аньсага норгомоор, алс алсхан тэнүүчлэх бодолдоо өөрөө уусаж холын холд хаа нэгтээ одмоор. Бүүдгэрхэн өдөр будаатай цай оочлонгоо бодлоо түүнд нь шингээж амталмаар, тэргэл сарны сүүн туяанд тэртээ холд одсон дотно нэгнийгээ дурсан уярмаар, өнөө ч олж чадаагүй хэрнээ сэтгэлдээ ямагт сайхнаар төсөөлөх амрагаа олж хайрламаар. Санаа алдмааргүй байсан ч сэтгэлээс алдрах хөнгөн гуниг салхинаа хийсэх нь , магад нөмөр нөөлөг хүсээ л биз.
Гэнэхэндээ зүгээр л гунигламаар.
Хаалганы хонх чимээлэнгээ дотно нэгнийг ирэхийг сэмхэн хүлээмээр, утасны зүг анирдангаа дуудах дуудлаганд нь хайрын уярам үгсийг сонсмоор, хэн нэгэн над дээр зорьж ирэн магтаал, бахархлаа нүдээрээ илчлэн инээхийг хармаар. Толины цараанд өөрийгөө харж хайрламаар, тоож өөрийгөө "мундаг шүү" гэж магтмаар, өөрийнхөөрөө байж чадсан араншиндаа омгорхмоор, өрөөл бусадтай муудалцсан шалтгаанаа олж, өөрийгөө ч түүнийг ч уучилмаар. Зөнгөөрөө байгаа хэрнээ гунигламаар байгаа мэдрэмж минь зүгээр л хэн нэгнийг сэтгэлээсээ хайрлахыг хүсээ биз.

No comments:

Post a Comment