Saturday, February 18, 2017

Дахин түүнийг харах мөчид...

Азтай гэмээр ч юм шиг тохиол таарч түүнийг би дахин харсан юм. Гэхдээ үнэнийг хэлвэл түүнийг харах мөчийг өдөр бүр эрэлхийлдэг байснаа нуугаад яахав. Боломж олддоггүй байсан юм уу гэж үү? Үгүй ээ олддог байсан. Харин би зүрхэлдэггүй байлаа.
Уншигч таны хувьд их хулчгар зан байж магадгүй л дээ. Гэхдээ өөрийгөө өмөөрөхийг минь зөвшөөрөөч.

Тэр бүсгүйн сэтгэлийн гүнд орших хэнд ч үл үзэгдэх тэрхүү тэнгэрийг хүсэмжлэн хамаг хүчээрээ тэмүүлж буй жигүүр юунаас ч илүү хүчтэй. Магадгүй хайраас ч илүү. Дахин тэр гайхамшигт жигүүрийг үнэнийг хэлэхэд би харахыг хүссэнгүй. Бурхан надад хүссэн зүг рүүгээ халин дүүлэх далавч хайрласангүйд тэнгэрийн тэр бүсгүйн араас аз жаргал хүссэн нүдээр харахаас өөрийг хийж үл чадна. Энэ хэсгийг ингээд орхиё харин түүний оронд дахин харсан мөчийг таньтай хуваалцъя.
Азтай гэж хэлсэний учир маш олон зүйлсийн дараа өөрийгөө ч олохгүй байхаар тийм түмэн зүйлсийн дундаас тэр над руу харсан юм. Тэрхэн мөчид өөрийгөө амьд яваагаа мэдэрсэн мэт. Зүрх хүчтэй цохилж яг л хувь тавилан намайг дахин нэг удаа ивээж өөрөө намайг дуудав уу гэлтэй.
Тиймээ тэр бол өдөр дурсамжаас үл салж намайг тарчлаах, шөнийн зүүдэнд үргэлж үзэгдэх сүүдэрт нуугдсан үзэсгэлэнт бүхнийг өөртөө шингээсэн бүсгүй мөнөөс мөн. Би дахин зогтуслаа. Юу гээч болсоныг миний сэтгэл надад хэлэх завгүйгээр түүнийг хүлээж байсан бололтой. Бүсгүйн инээмсэглэл урьдын адил анзаарахгүй байхын аргагүй. Хавар цас ханзарч байгаль дэлхий дахин төрж байгаа шиг засвар зай бүртээ зүү шивүүлсэн зүрхний далд нуугдах бяцхан хэрнээ агуу тэр орчлонд гэгээ орж эхэллээ.
Найз минь ямар их аз хийгээд гайхамшигтай хүч вэ. Хаанаас ч юм хамаг биеийг минь баглан аваад сорж байгаа бололтой. Гитарын уянгалаг аялгуу хөнгөхөн эгшиглэж, нар жаргахын өмнө хамгийн хурц гэрлээ намайг хараач гэсэн шиг цацаж, сэвэлзэх салхи хөнгөхөн салхилж бүсгүй намайг илбэх шиг боллоо...Бурхан минь ямар их шаналалт жаргал нь энэ вэ?
Би түүнийг энэ дэлхийн амьтан үнэхээр мөн эсэхэд эргэлзсээр.
Зүүд зүүд зүүд....Энэ бүхэн зүүд л битгий байгаасай. Цэвдэг хүйтэн мөс шиг аймшигтай санагдах ч яагаад гэдгээ мэдэхгүй би инээж байна.

No comments:

Post a Comment